Skip to main content
sergelt

ЭРГЭЛТЭЭС СЭРГЭЛТ РҮҮ

Дэлхийн банкны тооцоогоор Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) 15 тэрбум орчим ам.долларт хүрээд байна. Сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд уул уурхайн салбар 10 дахин тэлсэн нь нийт эдийн засгийн 20%, нийт хөрөнгө оруулалтын 80 гаруй хувийг бүрдүүлэв. Уул уурхайгаас бусад салбар төдийлөн хөгжихгүй, удаашралтай байгаа нь тэдгээрт чиглэсэн хөрөнгө оруулалт сул байгаатай холбоотой хэмээн өнөөгийн Засгийн газар үзэж байгаа. 

Яагаад хөрөнгө оруулалт сул байна вэ? Үүнд хариулахад чиглэсэн судалгаа нь “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг боловсруулахад хүргэсэн ба “суурь дэд бүтэц хангалтгүй” гэсэн дүгнэлтийг гаргасан. Суурь дэд бүтэц хангалтгүй байгаа нь уул уурхайгаас бусад салбарын өрсөлдөх чадварыг үгүй хийж, өсөлтийг хязгаарлаж байгаа аж. Эдийн засгийн өсөлтийг хязгаарлагч хүчин зүйлсийг тодорхойлж, залруулах бодлогыг хэрэгжүүлэх төлөвлөгөөг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн санаачилга дор Засгийн газар боловсруулаад буй нь “Шинэ сэргэлтийн бодлого” юм. 

Хөтөлбөрийн дунд хугацааны бодлогыг хэрэгжүүлэхэд талуудын уялдаа холбоог хангах, гацааг тодорхойлох зорилгоор байгуулагдаад байгаа “Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төв”-ийн Гүйцэтгэх захирал Б.Дөлгөөн эдийн засгийг хязгаарлагч хүчин зүйлсийг тодорхойлохдоо Засгийн газрын ажлын хэсэг АНУ-ын Харвардын Их сургуулийн профессор Рикардо Наусманн, Дани Родрик, Андрей Веласко нарын нэрээр нэрлэгдсэн HRV аргачлалыг ашигласан гэдгийг тэмдэглэв. Эдгээр эрхэмүүдээс хоёр нь одоо ч Харвардын Кеннеди Сургуульд багшилж байгаа аж. 

Б.Дөлгөөн нь АНУ-д магистрын зэрэг хамгаалахдаа профессор Дани Родрик болон одоо Дэлхийн Банкны Ерөнхий эдийн засагчаар ажиллаж буй профессор Кармен Рейнхарт нарын удирдлага дор энэхүү аргачлалыг ашиглажээ. Тус аргачлалыг өдгөө Мянганы Хөгжлийн Сан, Дэлхийн Банк, ОУВС зэрэг олон улсын эдийн засаг, санхүүгийн байгууллагууд өргөнөөр ашиглаж байгаа юм.

Монгол Улс эдийн засгийн өсөлт, нийгмийн хөгжлийг хэмжиж ирсэн уламжлалт ойлголтыг энэ аргачлал өөрчилжээ. Бид 2000 км зам тавиад тэр замынхаа уртыг дахиад 100 км нэмж чадвал үүнийгээ эдийн засгийн өсөлт, хөгжил гэж харж байв. 

Үнэндээ эдийн засгийг ганц хэмжээсээр хэмжих бус дор хаяж 3 хэмжээсээр тодорхойлох ёстой юм. Эдийн засгийг торхонд буй устай зүйрлэж, торхны банзнуудыг эдийн засгийн өсөлтөд нөлөөлөх хүчин зүйлс гэж үзвэл өмнө нь торхны банзнуудыг зөвхөн уртаар нь нийлүүлж тооцох буюу аль ч банзны уртыг нэмэгдүүлэхэд тухайн торхонд багтах усны хэмжээ өснө гэж тооцож байж. Гэтэл эдийн засгийн шинжлэх ухаан хөгжихийн хэрээр эдийн засгийн өсөлтөд нөлөөлөх олон хязгаарлагч хүчин зүйлс байдгийг илрүүлсэн. Улмаар хязгаарлагч хүчин зүйлсийг өөрчлөхгүй бол эдийн засагт өөр юу ч хийгээд эдийн засгийн өсөлтөд дорвитой нэмэр оруулахгүй гэдэг дүгнэлтэд хүрчээ. 

Тухайлбал, өсөлтийг хязгаарлагч хүчин зүйлс дээр “эмчилгээ хийх” буюу торхыг хийсэн банзнуудын хамгийн богиныг олж тогтоон бусад банзтай ижилсүүлж өөрчлөхгүй бол тухайн торхны усны хэмжээ нэмэгдэхгүй гэсэн үг юм. Энэ нь өсөлтийн оношлох аргачлалд тулгуурласан “Шинэ сэргэлтийн бодлого”-ын үндэслэл юм.

Өсөлт, хөгжлийн талаарх төсөөлөл ийнхүү өөрчлөгдөхтэй хамт Засгийн газрын бодлого, хандлага ч өөрчлөгдөв. Энэ бол “Шинэ сэргэлтийн бодлого”-ын мөн чанар, онцлог юм. 

БИДНИЙ ХӨГЖИЛД ЮУ ТУШАА БОЛЖ БАЙНА ВЭ?

Монголын нөхцөлд эдийн засгийн өсөлтийг хязгаарлагч хүчин зүйлүүдийг HRV аргачлалаар тодорхойлох, оношлох ажлыг Засгийн газар хийж дуусгажээ. Торхны аль банз нь хамгийн богино байгаа вэ? 

Эрчим хүч, тээвэр ложистик гэх мэт нийт 6 хүчин зүйл торхны бусад банзнуудаас богино, түүгээр ус гадагш шүүрч байгаа дүр зураг тодорхой харагдаж байна. Тиймээс “Шинэ сэргэлтийн бодлого” дотроо 6 чиглэлтэй ба хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлс болж буй тэдгээр чиглэлд сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлнэ.

ХИЛИЙН БООМТ: 

Монгол Улс авто замын 39, төмөр замын 3, агаарын замын 4 гээд нийт 46 боомттой. Үүнээс 29 нь ОХУ-тай, 13 нь БНХАУ-тай хиллэж, 4 нь агаарын боомт байна. 14 нь олон улсын, 11 нь хоёр талын байнгын ажиллагаатай, 14 нь хоёр талын түр буюу улирлын ажиллагаатай, 7 нь дамжин өнгөрөх боомт. Худалдааны голлох боомтуудын нэвтрүүлэх хүчин чадал түүхэн дээд хэмжээнд хүрсэн.

ЭРЧИМ ХҮЧ:

Монгол Улс 2020 оны байдлаар 8,850.5 сая кВт.цаг эрчим хүч хэрэглэсний 80.7 хувийг буюу дотоодын үйлдвэрлэлээр, 19.3 хувийг импортоор хангажээ. Цаашид эрчим хүчний шинэ эх үүсвэрүүдийг байгуулах, эрчим хүчний хомсдолыг арилгаж, хараат бус байдлыг нэмэгдүүлэх шаардлагатай байна.

АЖ ҮЙЛДВЭР:

Нийт аж үйлдвэрийн салбарын 20.5%-ийг нүүрс олборлолт, 31.2%-ийг металлын хүдэр олборлолт, 19.8%-ийг хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл бүрдүүлж байна. Аж үйлдвэрийн үйлдвэрлэлийн ДНБ-д эзлэх хувь буурч байгаа нь уг салбар үр ашигтай ажиллаж чадахгүй байгааг илтгэж буй. Тиймээс түүхий эдээ боловсруулж, нэмүү өртөг шингээх аж үйлдвэржилтийг дэмжиж, шинжлэх ухаан, технологид суурилсан эдийн засгийг бүрдүүлэх шаардлагатай.

ХОТ ХӨДӨӨ:

Монгол Улс нэг хүнд ногдох газар нутгийн хэмжээгээр дэлхийд нэгт жагсдаг. Гэтэл нийт нутаг дэвсгэрийн 0.3%-ийг эзлэх Улаанбаатар хотод хүн амын 50 гаруй хувь, цаашлаад их дээд сургуулиудын 90%, худалдаа үйлчилгээний 86%, нийт хадгаламжийн 81%, бүртгэлтэй аж ахуйн нэгжийн 76% нь нийслэлд төвлөрч, ДНБ-ий 65%-ийг Улаанбаатар хот дангаараа бүрдүүлж байна.

НОГООН ХӨГЖИЛ: 

Сүүлийн 80 гаруй жилийн хугацаанд Монгол орны агаарын дундаж температур 2.4 хэмээр нэмэгдсэн нь дэлхийн дундаж үзүүлэлтээс 3 дахин их байна. Уур амьсгалын өөрчлөлт нь байгалийн аюулт үзэгдлийн давтамж, хэт халалтын давтамж, эрчим нэмэгдэх, хөрсний чийгийн тэнцэл алдагдах, ургац буурах зэргээр усны экосистем, мал аж ахуй, газар тариалангийн салбарт голчлон нөлөөлж, сөрөг үр дагавруудыг бий болгож байна.

ТӨРИЙН БҮТЭЭМЖ: 

Хөгжлийн шаардлагад нийцүүлэн төрийн бүтээмжийг дээшлүүлэх зорилгоор төрийн албаны эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгож, төрийн өмчийн аж ахуй нэгжүүдийг олон нийтийн хяналтад оруулж, авлига, хүнд суртлын аливаа илрэлтэй тэмцэж, цомхон, чадварлаг төрийн бүтцийг бий болгох шаардлага байна.

 

БООМТЫН СЭРГЭЛТ

Дотоодын үйлдвэрлэл сул, импортын хэрэглээ өндөр монголчуудын хувьд цар тахлын үеийн хилийн хаалт, хязгаарлалтууд нь маш хүнд туссан юм. Хөл хорионы улмаас дэлхий дахинд тээвэр ложистикийн саатал үүсч, ингэснээр бараа, бүтээгдэхүүн, бүх зүйлийн үнэ өртөг нэмэгдэж ирэв. Импортын бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлт тасалдаж, эрэлтийн талын инфляц сүүлийн жил гаруйн хугацаанд дээд тал нь 16 хувьд хүрэв. Инфляц улсын хэмжээнд энэ оны 10 дугаар сарын байдлаар 14%-тай гарснаас 55% нь импортоос шалтгаалсан гэж үзэж байна. 

Далайд гарцгүй бөгөөд зөвхөн хоёр улстай хиллэдэг Монгол Улс авто замын 39, төмөр замын 3, агаарын замын 4 боомттой. Монгол, Хятадын хилийн боомт Замын-Үүд-Эрээний төмөр замын боомтоор импортын барааны 70 гаруй хувийг авдаг бол экспортын барааны 90 гаруй хувь нь мөн Замын-Үүд-Эрээн, Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхэ боомтуудаар нэвтэрч байна. Хилийн боомтын ачаалал, нэвтрүүлэх хүчин чадлаас мөн дотоодын тээвэр ложистикийн бүтээмж муугаас хамаарч импорт, экспортын барааны урсгал саатаж удааширсан нь эдийн засаг дахь цар тахлын хүндрэлийг улам нэмэгдүүлж байлаа. 

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газраас дэвшүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын нэг хэсэг нь боомтын сэргэлт юм. Энэ нь зөвхөн боомтуудын хүчин чадлын тухай бус тээвэр ложистикийн асуудал гэж бодлого хэрэгжүүлэгчид үзэж байна. 

Монгол Улсын өрсөлдөх чадварт нөлөөлж байгаа хамгийн том хүчин зүйл бол тээврийн зардал. Далайд гарцтай орнуудын хувьд тээврийн зардал бараа, бүтээгдэхүүний өртгийн 10 хүрэхгүй хувь гэж үздэг бол Монголд нөхцөл байдал өөр.

Азийн Хөгжлийн Банкны гаргасан далайд гарцгүй улс орнуудын судалгаагаар Монголоос хамгийн ойр боомт хүртэл 1700 км бол Казахстаны Алма-Ата хотоос тухайн боомт 3380 км зайтай ч тээврийн зардал нь 2 дахин бага байна. Туулах замын урт 2 дахин их байх атал Казахстанд тээврийн зардал нь тонн тутамд 37 цент. Харин Монголын хувьд импорт 87 цент, экспорт 61 центийн зардалтай байна. Тэгэхээр экспорт, импортын орц, гарц болох боомтууд, экспортын төмөр зам, тээвэр ложистикийг сайжруулахгүйгээр өрсөлдөх чадварын талаар ярих боломжгүй аж. 

Энэ Засгийн газрын үед экспортын ач холбогдол бүхий хоёр төмөр зам болох Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замууд ашиглалтад орж байгаа нь боомтын сэргэлтийн хүрээнд цаашид хэрэгжүүлэх Гашуунсухайт-Ганцмод холболт, Зүүнбаян- Хангийн төмөр зам зэрэг бүтээн байгуулалтын ажлыг хурдавчлах юм. Энэ замууд стратегийн гол орд Тавантолгойн ордын нүүрсийг Хятад руу гаргах гол суваг болох зорилготой.

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам 2022 оны 9 сард албан ёсоор нээлтээ хийсэн. Замын урт 233.6 км үргэлжлэх ба жилд дунджаар 236 сая ам.долларын орлоготой, 147 сая ам.долларын ашигтай ажиллах тооцоотой. 

Тавантолгой- Зүүнбаян чиглэлийн төмөр зам 416.1 км урттай, жилд 15 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай. Жилд дунджаар 675 тэрбум төгрөгийн орлоготой, 175 тэрбум төгрөгийн ашигтай ажиллах тооцоотой. Энэ төмөр замууд ашиглалтад орсноор Замын-Үүд боомтын төвлөрлийн 70%-ийг Бичигтийн боомт болон Гашуунсухайтын боомт руу шилжүүлнэ гэж үзэж байгаа юм. 

Монголын уул уурхайн экспорт нийт экспортын 90 орчим хувийг эзэлж буй. Үүнд нүүрс зонхилох нөлөөтэй. Монгол Улс 2019 онд 36 сая тонн нүүрс урд хөршийн зах зээлд экспортолсон нь түүхэн дээд амжилт байв. Харин дээрх төмөр замууд ашиглалтад орсноор 1 замаар жилд 30 сая тонн нүүрс хилээр гаргах бололцоо бүрдэнэ гэж тооцоолж буй. 

Дараагийн ээлжинд ашиглалтад орох төмөр зам Зүүнбаянгаас Ханги-Мандалын боомт хүрэх төмөр зам. Ханги-Мандалын боомт нь БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Бугат хоттой хамгийн ойр боомт. Бугат хотын гангийн үйлдвэр нь Монголын төмрийн хүдэр, коскжих нүүрсний дийлэнхийг худалдан авдаг. Тиймээс Замын-үүдийн боомтоос Бугат хот хүртэлх экспортын тээвэр эцсийн худалдан авагч руугаа дөт замаар хүрэх бололцоог Зүүнбаян-Ханги-Мандалын төмөр зам бүрдүүлнэ. 

Монгол Улс өнөөдрийг хүртэл уул уурхайн экспортдоо авто тээврийг ашиглаж ирсэн нь экспортын хэмжээг огцом нэмэгдүүлэхэд хүндрэлтэй байгаа юм.  Хүн хоорондын харилцаа их учраас хилийн хорио цээрийн дэглэмийн үед хоёр талын боомтыг хаахад томоохон эрсдэл дагуулсан. Улмаар Монголын нүүрсний экспорт 2021 онд энэ болон бусад хүчин зүйлээс шалтаалан ердөө 16 сая тонн болж буурсан. Энэ нь Монголчуудын өмнө гаргасан түүхэн дээд хэмжээнээс хоёр дахин бага хюм. 

Монгол-Оросын “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн хамтран эзэмшдэг босоо тэнхлэгийн гол төмөр зам бол Евро-Азийг холбосон чухал коридор. Харин дараагийн ээлжинд “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд зүүн коридорын төмөр замыг байгуулахаар төлөвлөсөн. Энэ бол Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн төмөр зам байх аж. ОХУ-аас Дорнод аймгийн Чойбалсан хот хүртэлх төмөр замыг социализмын үед байгуулсан бөгөөд өдгөө энэ замыг урагшаа Хятадын хил хүртэл холбосноор Орос, Монгол, Хятадыг холбосон зүүн коридорын зам бий болно. 

Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Чойбалсан хотоос Хөөт зангилаа хүртэл 193 км, Хөөт өртөөнөөс Бичигтийн боомт хүртэл 220 км зам тавигдсанаар Монголын нутгаар нийт 650 гаруй км төмөр замаар ОХУ-БНХАУ хоёр улс холбогдоно. Энэхүү шинэ трассыг дагасан зүүн бүс нутаг нь ашигт малтмалын асар их нөөцтэй. Уг нөөцийг ашиглахгүй өнөөдрийг хүрсэн нь дэд бүтэц бүрдээгүйтэй холбоотой. Харин төмөр зам баригдсанаар уул уурхайн түүхий эдийг хямд зардлаар хилийн боомт буюу өмнөд зах зээлд хүргэх боломжтой болно. Өнөөдөр Өмнөговь аймагт уул уурхай эрчимтэй хөгжиж, ДНБ-ий хэмжээгээр улсдаа тэргүүлдэг болсон гол хүчин зүйл нь нэгт дэд бүтэц хөгжсөн, хоёрт, хилийн боомттой ойр байрлалд байгаа явдал юм. 

Дээр яригдаж буй экспортын ач холбогдол бүхий боомтууд нь худалдан авагчтай хамгийн ойр байрлалд байгаа мөн олон жилийн турш үйл ажиллагаа явуулж ирсэн боомтууд юм. Харин шинээр тавигдаж байгаа төмөр замууд нь экспортын түүхий эдийн нөөцтэй тэдгээр боомтыг холбох хамгийн дөт замууд. 

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2022 оны 9 сард ОХУ-ын Владивосток хотод болсон Дорнын эдийн засгийн форумын үеэр “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хэрэгжих томоохон төслүүдийг танилцуулсан. Энэ үеэр уг бодлого хэрэгжсэнээр Монголын эдийн засаг ойрын жилүүдэд 3-4 дахин тэлнэ гэсэн хүлээлттэй байгаагаа илэрхийлж, бүс нутгийн улс орнуудыг эдийн засгийн хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтад уриалсан билээ. 

Монгол Улс тэртээ 20-р зууны 30-аад онд “Шинэ эргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлж, тухайн үедээ эдийн засгийн хөгжлөө эрс түргэтгэж байсан бол үүнээс хойш хөгжлийн бодлогыг урт хугацаанд буюу 30 жилээр харж, төлөвлөж буй анхны санаачилга нь “Алсын Хараа 2050”, үүнийг хэрэгжүүлэх эхний 10 жил нь “Шинэ сэргэлтийн бодлого” болж байна.