Skip to main content

Шинэ сэргэлтийн бодлого

ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО

Монгол Улсын Их Хурлын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 106 дугаар тогтоолоор "Шинэ сэргэлтийн бодлого"-ыг баталсан.

6
Чиглэл
29
Зорилт
99
Үйл ажиллагаа
20
Хөгжлийн төсөл
7
Хуулийн төсөл (Яаралтай хэлэлцүүлэх)
20
Хуулийн төсөл

“Шинэ сэргэлтийн бодлого” нь Монгол Улсын эдийн засгийн харaат бус, бие даасан байдлыг бэхжүүлэх, Коронавируст халдварын цар тахлын эдийн засгийн сөрөг нөлөөллийг бууруулах, хөгжлийн хязгаарлагч хүчин зүйлсийг цаг алдалгүй шийдвэрлэж, “Алсын хараа–2050” урт хугацааны хөгжлийн бодлого хэрэгжүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлэх, эдийн засаг, дэд бүтэц болон төрийн бүтээмжийг сайжруулах, дунд хугацааны зорилтот хөтөлбөр юм.

Монгол Улсын хөгжлийг хязгаарлаж буй хүчин зүйлсийг шийдвэрлэх зургаан сэргэлт

"Шинэ сэргэлтийн бодлого"-ын хүрээнд төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын идэвхтэй түншлэлд тулгуурлан Монгол Улсын хөгжлийг хязгаарлаж буй зургаан багц асуудлыг шийдвэрлэнэ. 

Боомтын сэргэлт

Боомтуудыг авто зам, төмөр зам, хурдны замаар цаг алдалгүй холбож, агаарын тээврийн салбарыг цоо шинэ шатанд гаргана.

Эрчим хүчний сэргэлт

Дулаан, цахилгаан эрчим хүчний эх үүсвэр, түүнийг дагасан шугам сүлжээний асуудлыг шийдвэрлэнэ.

Аж үйлдвэржилтийн сэргэлт

Нэмүү өртөг шингэсэн уул уурхай, хөдөө аж ахуйн эцсийн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрүүдийг үе шаттайгаар байгуулна.

Хот хөдөөгийн сэргэлт

Хот, хөдөөгийн тэнцвэрт хөгжлийг хангах ажлыг эдийн засаг, дэд бүтцийн томоохон төслүүдтэй уялдуулан хэрэгжүүлнэ. 

Ногоон хөгжлийн сэргэлт

Байгалиа хамгаалж, харилцан шүтэлцэж ирсэн уламжлалыг олон улсын чиг хандлагад нийцүүлэн үргэлжлүүлж, ногоон хөгжлийн жишиг загварыг бий болгоно.

Төрийн бүтээмжийн сэргэлт
Төрийн бүтээмжийн сэргэлт

Төрийг хүчирхэг, шударга, ёс зүйтэй, хариуцлагатай, хөгжлийг дэмжигч, иргэддээ үйлчлэгч болгох цогц арга хэмжээг хэрэгжүүлнэ.

БОДЛОГЫН ТУХАЙ

Монгол Улс шинэ Үндсэн хуулиа баталж, ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойш 30 жилийн хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд гарсан ололт амжилт, сорилт бэрхшээлийг дүгнэж, цаашдын 30 жилийн хөгжлийн замыг тодорхойлсон “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг Улсын Их Хурлаас 2020 оны 5 дугаар сард баталсан. 

Энэхүү бодлого нь урт хугацаанд тогтвортой өсөх, мөчлөг сөрсөн, өрийн дарамт болон зардлын өсөлтийг бууруулсан, тогтвортой хөгжлийг хангах макро эдийн засгийн бодлоготой, өөрөө өөрийгөө тэтгэсэн, гадаад зах зээлийн сөрөг өөрчлөлтөөс дархлагдсан эдийн засгийн өсөлт, хүний хөгжилд чиглэсэн дундаж орлоготой иргэдийг тэтгэх цогц бодлого юм.

2020 онд дэлхий дахиныг хамарсан Ковид-19 цар тахал дэгдэж, түүнээс үүдсэн сөрөг нөлөө дэлхийн улсуудын 93 хувийг хамарсан эдийн засгийн хямралыг бий болгосон билээ. Түүхээс үзэхэд, улс орнууд эдийн засгийн томоохон хямралуудыг даван туулахын тулд бодлогын цогц арга хэмжээ, төлөвлөгөөнүүдийг хэрэгжүүлж ирсэн байна. Энэ удаад ч мөн адил улс орнууд түүхэн туршлагыг хэрэгжүүлж, цар тахлын эсрэг тусгайлсан бодлогын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байна. Тухайлбал, Сингапур улс 2020 онд “Цар тахлын тухай хууль” баталж, тус хуулиар шууд болон шууд бус татварын хөнгөлөлт, ажилчдыг хилээр нэвтрүүлэх хөнгөлөлт, ажлын байр хадгалах болон хөнгөлөлттэй зээл олгох асуудлуудыг зохицуулж байгаа бол БНСУ төр хувийн хэвшлийн түншлэлд анхаарч, жижиг дунд болон гарааны бизнесийг дэмжих “Эко систем”-ийг хөгжүүлэх замаар хямралыг даван туулж байна.

Цар тахлын сөрөг нөлөөний улмаас Монгол Улсын эдийн засаг 1992 оноос хойших хямралд орж, 2020 онд 4.6 хувиар унасан байна. Гадаад, дотоод худалдаа, үйлчилгээ нээгдэж, эдийн засаг аажмаар сэргэж байгаа ч хямралаас бий болсон хохирлыг нөхөж чадахгүй, эдийн засгийн салбарууд эмзэг хэвээр байна.

Өмнөх жилүүдэд эдийн засгийн хурдтай, хүртээмжтэй өсөлтийг хангахад саад болж, гадаад зах зээлийн нөлөөнд эмзэг, хэлбэлзэмтгий байдлыг нэмэгдүүлж байсан өсөлтийг хязгаарлагч асуудлууд цар тахлын сөрөг нөлөөг хурцатгаж, сэргэлтийг удаашруулж байгаа тул тэдгээр суурь асуудлуудад анхаарлаа хандуулах нь чухал болоод байна.

Шинэ сэргэлтийн бодлого

“Шинэ сэргэлтийн бодлого” нь Монгол Улсын эдийн засгийн харaат бус, бие даасан байдлыг бэхжүүлэх, Коронавируст халдвар /КОВИД-19/-т цар тахлын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлийг цаг алдалгүй шийдвэрлэж, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлэх, эдийн засаг, дэд бүтэц болон төрийн бүтээмжийг сайжруулахад чиглэсэн 10 хүртэлх жилийн хугацаанд хэрэгжих дунд хугацааны зорилтот хөтөлбөр юм.

“Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлснээр урт хугацаанд эдийн засгийн өсөлт дунджаар 6 хувьд хадгалагдаж, нэг хүнд ногдох үндэсний орлого 2 дахин нэмэгдэж, ажиллах хүчний оролцооны түвшин 65 хувьд хүрнэ. Боомтын хүчин чадлыг 3 дахин нэмэгдүүлж, эрчим хүчний эх үүсвэрийг 2 дахин өсгөнө. “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод дэвшүүлсэн эхний үе шатны зорилго, зорилт хангагдах суурь нөхцөл бүрдэнэ.

“Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд төр-хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын идэвхтэй түншлэлд тулгуурлан Монгол Улсын хөгжлийг хязгаарлаж буй зургаан багц асуудлыг шийдвэрлэх болно.

1. 1. Боомтуудын хатуу, зөөлөн дэд бүтцийг хөгжүүлэн ачаа болон зорчигч нэвтрүүлэх хүчин чадлыг дээшлүүлж, экспортыг нэмэгдүүлнэ

1.2. Хилийн боомтуудыг төмөр зам болон хатуу хучилттай авто замаар үе шаттайгаар бүрэн холбон, тээвэр логистикийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэн ачаа тээврийн урсгалыг сайжруулж, цаашид транзит улс болох суурь нөхцөлийг бүрдүүлнэ.

1.3. Монгол Улсын агаарын зайн зохион байгуулалт, агаарын замын ашиглалтыг сайжруулан, дамжин өнгөрөх агаарын хөлгийн тоог нэмэгдүүлж, агаарын тээврийн либералчлалыг үе шаттай үргэлжлүүлэх замаар ачаа тээврийн зангилаа төвийг бий болгож, мөн аялал жуулчлалын салбарыг дэмжинэ.

1.4. Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд тулгуурлан эдийн засгийн чөлөөт бүс, хуурай боомтуудыг үе шаттайгаар байгуулах замаар худалдааны эргэлтийг нэмэгдүүлнэ.

2.1. Эрчим хүчний эх үүсвэр, дамжуулах, түгээх, шугам сүлжээг шинээр барьж байгуулан, хүчин чадлыг өргөтгөн нэмэгдүүлж, эрчим хүчний үйлдвэрлэл, хангамжийн найдвартай байдлыг дээшлүүлнэ.

2.2. Сэргээгдэх эрчим хүчийг зохистой харьцаагаар хөгжүүлэн, усан болон хуримтлуурын станц барьж, эрчим хүчний нэгдсэн системийн найдвартай, тогтвортой байдлыг хангана.

2.3. Эрчим хүчний салбарыг санхүү, эдийн засгийн бие даасан тогтолцоонд үе шаттайгаар шилжүүлнэ.

2.4. Зүүн Хойд Азийн супер сүлжээнд эрчим хүч нийлүүлэх сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр, сүлжээнд холбогдох хэт өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын бэлтгэл ажлыг хангана.

2.5. Оросын Холбооны Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу Монгол Улсын газар нутгаар дамжин өнгөрөх байгалийн хий дамжуулах хоолой барих бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлнэ.

3.1. Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олголтыг бүрэн цахимжуулж, өртөг зардлыг бууруулан, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, дэвшилтэт техник, технологид суурилсан, нэмүү өртөг шингэсэн уул уурхайн бүтээгдэхүүний хэмжээг дээшлүүлэн, эрдэс баялгийн баталгаат нөөцийг арвижуулна.

3.2. Нэмүү өртөг шингэсэн хүнд үйлдвэрлэлийг хөгжүүлж, дотоодын бүтээн байгуулалтын хэрэгцээг хангаж, экспортыг нэмэгдүүлнэ.

3.3. Газрын тосны баталгаат нөөцийг өсгөж, олборлолтыг нэмэгдүүлэх замаар дотоодын газрын тос боловсруулах үйлдвэрийг түүхий эдээр хангана.

3.4. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэвшилтэт техник, технологи, инновацид тулгуурлан хөгжүүлж, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ, үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлнэ.

3.5. Хөдөө аж ахуйн түүхий эд, бүтээгдэхүүний нөөцтэй уялдуулан боловсруулах үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх замаар хагас боловсруулсан бүтээгдэхүүний экспортын хувь хэмжээг бууруулан, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлнэ.

3.6. Шинжлэх ухаанд суурилсан, өндөр технологи, блокчейн, хиймэл оюуны ололтыг нэвтрүүлж, дижитал эдийн засгийн чиг хандлагад нийцсэн аж үйлдвэржилтийг хөгжүүлнэ.

4.1. Нийслэл Улаанбаатар хотын нийтийн тээврийн чанар, стандартыг сайжруулан, багтаамж ихтэй шинэ төрлийн нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэн, гол ба үндсэн авто зам, замын байгууламжийн сүлжээг өргөтгөн шинэчилж, олон түвшний уулзварыг байгуулан хүртээмжийг нэмэгдүүлж, авто замын түгжрэлийг бууруулна.

4.2. Шинэ суурьшлын бүс, дагуул хот, эдийн засгийн чөлөөт бүсийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, Улаанбаатар хотоос орон нутагт шилжин суурьшсан иргэд, аж ахуйн нэгжүүдийг цогц бодлогоор дэмжих замаар төвлөрлийг сааруулна.

4.3. Аймгийн төвүүдийг бие даасан хот болгон хөгжүүлж, орон нутаг төсвийн орлогоо бие даан бүрдүүлэх санхүү, эдийн засгийн боломжийг бүрдүүлнэ.

4.4. Эдийн засгийн бүсчилсэн хөгжлийн бодлогод тулгуурлан мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийн тогтвортой өсөлтийг дэмжиж, хүнсний дотоодын хэрэгцээг ханган, экспортын хувь хэмжээг нэмэгдүүлнэ.

5.1. Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад дорвитой хувь нэмэр оруулах зорилгоор “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг үр дүнтэй өрнүүлж, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг дэмжих хууль эрх зүйн орчныг бүрдүүлнэ.

5.2. Усны нөөцийг хамгаалж, хүн амыг баталгаат ундны усаар хангах, бэлчээрийг усжуулах, говийн бүс нутгийн усны хангамжийг нэмэгдүүлэх, саарал усыг дахин ашиглах, хиймэл нуур, хөв цөөрөм байгуулж, ширгэсэн гол горхи, булаг, шандыг нөхөн сэргээнэ.

5.3. Байгальд ээлтэй дэвшилтэт технологи бүхий хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрүүдийг Улаанбаатар хот болон аймаг, орон нутагт бүсчлэн байгуулна.

5.4. Эдийн засаг, аж үйлдвэржилтийн сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэхдээ байгаль хамгаалах үндэсний уламжлалт ёс заншлыг хадгалж, дэлхийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн ногоон хөгжлийн жишиг загварыг тодорхойлно.

6.1. Төрөөс үзүүлэх үйлчилгээг цахимжуулж, төрийн хүнд суртлыг бууруулна.

6.2. Засгийн газрын бүтэц, зохион байгуулалтад цогц шинжилгээ хийж, үнэлэлт дүгнэлт өгч, оновчтой бүтцийг тогтоон, төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшил, мэргэжлийн холбоодод шилжүүлнэ.

6.3. Төрийн хяналт, шалгалтын давхардсан тогтолцоог цэгцэлж, төлөвлөгөөт шалгалтыг түр хугацаанд зогсоож, төрийн байгууллагаас шаарддаг тусгай зөвшөөрөл, техникийн нөхцөлийн тоог бууруулна.

6.4. Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн үр ашиг, засаглалыг сайжруулж, олон нийтийн шууд хяналтад оруулах ажлыг зохион байгуулна.

6.5. Авлига, албан тушаалын гэмт хэрэгт оногдуулах ялын бодлогыг чангатгана.

6.6. Олон улсын санхүүгийн хориг арга хэмжээг хэрэгжүүлэх байгууллага (ФАТФ)-аас гаргадаг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай улсын жагсаалт (саарал, хар жагсаалт), Европын холбооны "Татварын зорилгоор хамтран ажилладаггүй бүс нутгуудын жагсаалт"-д орохгүй байх, Монгол Улсын зээлжих зэрэглэлийг бууруулахаас сэргийлнэ.

 “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх эхний үе шатны үйл ажиллагааны хөтөлбөр

"Шинэ сэргэлтийн бодлого"-ын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх хөгжлийн төслийн жагсаалт

Монгол Улсын Их Хурлын чуулганаар нэн яаралтай хэлэлцүүлэх хуулийн төслийн жагсаалт.

Монгол Улсын их хуралд 2022 онд үе шаттайгаар өргөн мэдүүлж, хэлэлцүүлэх хуулийн төслийн жагсаалт