Skip to main content

Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төв

Монгол Улсын Засгийн газраас улс орны эдийн засгийн хараат бус, бие даасан байдлыг бэхжүүлэх, ковид-19 халдварын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлийг цаг алдалгүй шийдвэрлэх, “Алсын хараа- 2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх суурь, нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор “Шинэ сэргэлтийн бодлого” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийг боловсруулж, Монгол Улсын Их Хурал 2021 оны 12 дугаар сард баталсан билээ.

Тус бодлогын хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 55 дугаар тогтоолоор “Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төв”-ийг байгуулж, дүрмийг батлан үйл ажиллагааг эхлүүлээд байна.

Манай төв Дэд бүтцийн хөгжлийн бодлогын газар, Ногоон, бүтээмжтэй хөгжлийн бодлогын газар, Захиргааны удирдлагын хэлтэс гэсэн бүтэцтэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд төрөл мэргэжлийн 30 ажилтантай. Засгийн газраас баримталж буй хөгжлийн томоохон төслүүдийг хэрэгжүүлж, хүртээмжтэй өсөлтийг хангах, экспортыг нэмэгдүүлэн, хөрөнгө оруулалтыг дэмжих ажлыг эрчимжүүлэхэд боомт, эрчим хүч, аж үйлдвэржилт, хот хөдөө, ногоон хөгжил, төрийн бүтээмжийн чиглэлээр яам, агентлагуудтай хамтран ажиллаж төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд мэргэжлийн арга зүйн дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.

“Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүд нь зөвхөн нэг яам, нэг агентлаг бие даан хэрэгжүүлэхэд хүндрэлтэй буюу олон салбарыг хамарсан өргөн цар хүрээтэй төслүүд юм. Эдгээр төсөл, хөтөлбөрүүдийн төлөвлөлт болон хэрэгжилтийг нэгдсэн байдлаар хангаж оролцогч талуудыг нэг зүгт чиглүүлэх нь Шинэ сэргэлтийн бодлогыг амжилттай хэрэгжүүлэх үндэс болох юм.