Skip to main content
ярилцлага

Б.Дөлгөөн: Шинэ сэргэлтийн бодлого дотоод гадаад бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчдыг дэмжих үүднээс суурь бүтэц байгуулахад чиглэнэ

“Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төв”-ийн гүйцэтгэх захирал Б.Дөлгөөнтэй ярилцлаа. 

-Шинэ сэргэлтийн бодлогын “Хурдасгуур төв”-ийн гол ажил юу байх вэ. Магадгүй улс орны хөгжилд хамгийн хурднаар үр дүн авчрах зорилготой болов уу гэж харж байна?  

-Хурдасгуур төвийг ярихаас өмнө Шинэ сэргэлтийн бодлогын талаар товч тайлбарлах хэрэгтэй болов уу. Энэ бодлого бол ирэх арван жилд бид эдийн засгаа хурдтай өсгөхийн тулд юу хийх ёстой вэ гэдэг чиглэлээр бэлтгэл ажлуудыг хийхээр тогтсон цогц бодлого. Том төслүүд урт хугацаанд хэрэгждэг. Аливаа бодлого, арга хэмжээг нэг, нэг жилээр хараад яваад байвал утааг нь сарниулсан ажил болохоос биш галыг нь унтрааж чадахгүй. Үүнийг өнгөрсөн арван жилийн хугацаанд монголчууд илүү сайн ойлгосон байх. Хэрэв бид Гашуунсухайтаар нарийн, өргөн хамаагүй төмөр замаа тавьчихсан байсан бол жил бүр 30 сая тонн нүүрсийг гаргах байв. Хэдийгээр төмөр замын ажил сүүлийн жилүүдэд хурдтай хэрэгжиж, нээлтээ саяхан хийсэн ч гэсэн 2010 оны тэрхүү хэрүүлээс үүдэлтэйгээр 10 жилийг алдаад байна. Энэ бол Монголд хэн нэгэн компани, уурхай гэхээс илүү Монгол улсын хувьд маш их боломжоо алдсан сургамж болчихоод байгаа юм. Тэгэхээр 10 жилийн дараа эргээд харахад алдагдсан боломж хараад суухгүйн тулд урт хугацааны төлөвлөгөөг Монгол Улсын Засгийн газраас боловсруулж УИХ-аар батлуулан төрийн бодлого болж үндэсний хэмжээнд хэрэгжиж эхлээд байна. Хурдасгуур төв бол энэ бодлогод туссан арга хэмжээг хэрэгжүүлэхэд уялдаа холбоогоор хангах, эргээд шаардлагатай судалгаа шинжилгээний ажлуудыг хийх үндсэн үүрэгтэйгээр байгуулагдсан. Мэдээж Шинэ сэргэлтийн бодлогыг олон талаар олон нийтэд танин мэдүүлэх ажлууд ч багтсан байгаа. 

-Шинэ сэргэлтийн бодлогоос хүлээж байгаа гол зүйлүүдийн нэг бол хөрөнгө оруулалт. Үүнийг та бүхэн хэрхэн томъёолж байгаа бол? 

-Хөрөнгө оруулалтыг дотор нь дөрвөн төрлөөр ангилдаг. Байгалийн баялаг эрэлхийлсэн хөрөнгө оруулалт, зах зээл эрэлхийлсэн хөрөнгө оруулалт, стратегийн хөрөнгө эрэлхийлсэн хөрөнгө оруулалт, үр бүтээмж эрэлхийлсэн хөрөнгө оруулалт гэж ангилж байгаа. Байгалийн баялаг эрэлхийлсэн хөрөнгө оруулалт гэдэгт мэдээж уул уурхай орно. Зах зээл эрэлхийлсэн хөрөнгө оруулалт гэдэгт гадны компани манайд салбараа нээгээд бараа бүтээгдэхүүн зарах гэж байгааг хэлж байгаа. Стратегийнх гэвэл Хөвсгөл далайн эрэг дээр байгалийн үзэсгэлэнт газарт аялал жуулчлалын бааз байгуулах, Тэр нь тэр хавьдаа тэргүүлэх байршил байх жишээтэй. Үр бүтээмж эрэлхийлсэн гэвэл Монголд байгаа давуу талыг ашиглаад бараа бүтээгдэхүүнээ илүү хямдаар үйлдвэрлэх, жишээлбэл манай улсын байршлыг хараад БНХАУ  руу гаргах гэдэг утгаар хөрөнгө оруулалт хийхийг хэлж байгаа. ОУВС-гаас гаргасан судалгааг харахаар нийт хөрөнгө оруулалтын 80 хувь нь байгалийн баялаг эрэлхийлсэн хөрөнгө оруулалт, 16 хувь нь зах зээл эрэлхийлсэн, Гурван хувь нь стратегийн баялаг эрэлхийлсэн хөрөнгө байгаа юм. Үр бүтээмж эрэлхийлсэн, Баялаг эрэлхийлсэн хөрөнгө оруулалт бараг алга. Тэгвэл дотоодынхыг аваад үзвэл банкнаас нийт гарч байгаа зээлийн салбараар харахад ипотекийг оруулаад барилга, Уул уурхай хоёр 30 гаруй хувьтай байна. Тэгэхээр бусад салбар хурдтай хөгжихгүй байгаагийн нэг шалтгаан бол хөрөнгө оруулалт бусад салбарт, ялангуяа бүтээлч салбарт сул байна гэсэн гол дүгнэлт харагдаж байгаа.  

-Хөрөнгө оруулалт татаж чадахгүй яваагийн шалтгааныг юу гэж үзэж байгаа вэ? 

-Ерөөсөө энэ судалгаа л шинэ сэргэлтийн бодлогын гол үндэслэл болсон. Өсөлтийн оношлогоо хийгээд үзэхэд суурь дэд бүтэц муу байна гэсэн дүгнэлт гарсан. Тодруулбал, хувь хүн машин авч чадна, гэхдээ зам барьж чадахгүй. Аливаа компани үйлдвэр барилаа гэхэд үйлдвэр рүүгээ цахилгаан татна уу гэхээс цахилгаан станц барьж чадахгүй шүү дээ. Тэгэхээр түүнийг төр боломжоор хангах ёстой. ингээд байгуулчихвал хувийн хэвшлүүд уул уурхайгаа явуулна уу, боловсруулах үйлдвэрээ барина уу, хүнсний үйлдвэрлэл явуулна уу тэдний сонголт. Тийшээ төр орох ёсгүй. Эдийн засагчийн хувьд баримталдаг гол зарчим бол ажлын байрыг төр бий болгохгүй, хувийн хэвшил л бий болгодог. Харин төр тэдэнд ажлын байр бий болгох боломжийг буюу зах зээл чөлөөтэй ажиллах нөхцөлөөр хангаж өгөх ёстой юм. Энэ нь төрийн оролцоо. Түүнээс биш төр татаас өгч, аль нэг компанийг үзэмжээр дэмждэг газар биш. 

-Уул уурхай, эрчим хүчний томоохон төслүүдийг хөдөлгөх том заалт бий юу. Ойрын хугацаанд эхлүүлэх томоохон төсөл юу байна вэ?  

-Тийм заалт бий. Хүмүүсийн хамгийн сайн мэдэх нь Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц байж магадгүй. Энэ станцыг байгуулснаар баруун аймгуудын дотоодын хэрэгцээг 100 хувь хангах бүрдэнэ. Одоогоор ОХУ болон БНХАУ-аас эрчим хүчээ авч байгаа. хамгийн чухал нь гэвэл Улаанбаатар хотын эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх төслүүд орно. Энэ бол өнөө маргаашгүй хийгдэх ёстой ажил. 

 -Гадаадын хөрөнгө оруулалтыг татах гол салбар бол уул уурхай. Тэдгээр хөрөнгө оруулагчидтай Засгийн газар хамтрах сонирхол ямар түвшинд байгаа вэ?  

-Хөрөнгө оруулагчдыг шинэ сэргэлтийн бодлогоор хязгаарлах ёсгүй. мэдээж энэ бодлогод туссан арга хэмжээнүүдэд тодорхой хувь нь гадаад, дотоодын хөрөнгө оруулагчидтай хамтарч хийх ажлууд байгаа. Гэхдээ түүнээс илүү дэд суурь бүтэц хангагдаад ирэхээр хөрөнгө оруулагчид түүнийг ашиглаад уул уурхай, хөдөө аж ахуй, аж үйлдвэрлэлийн салбарт цэвэр зах зээлийн зарчимаар ажиллах өөрсдийн төслүүд рүүгээ түлхүү хөрөнгө оруулаасай гэсэн хүсэлтэй байдаг.  

-Томоохон төслүүдийн үр дүнгээ өгөх хугацааг уншигчид сонирхож суугаа байх. Энэ талаар тодруулахгүй юу?  

-Ганц хоёр жишээ татахад 2024 онд Чойбалсангийн цахилгаан станцын өргөтгөлийн ажил, дарханы замын ажил дууссан байх төлөвлөгөө гаргаад явж байна. Том төслүүдийн үр ашгийг богино хугацаагаар биш урт хугацаагаар харах хэрэгтэй. Хэдийгээр бид өнөөдөр шинэ сэргэлт гэж байгаа боловч хоёр зүйлийг ойлгох хэрэгтэй. нэгд, дунд хугацаанд эдийн засаг өмнөх шигээ ялангуяа Оюу Толгой анх орж ирж байх үеийн өсөлттэй цаг үе биш. Дараалласан хоёр шоктой эдийн засгийн нөхцөл дундуур энэ бодлогыг хэрэгжүүлэхээр зүтгэж байна. Хоёрт, энэ бодлого дээр туссан хязгаарлагч хүчин зүйлүүдийн шийдлийг хэрэгжүүлж чадвал 2030 онд эргэж хараад харамсах зүйлгүй байх болов уу. Учир нь бид ярьсаар байгаад 10 жилийг төмөр зам дээр алдсан байна шүү дээ. Ганц төмөр зам дээр гэхэд л жил бүр 30-50 сая тонн нүүрс гаргаад тэр хэмжээгээр орж ирэх хэдэн тэрбум ам.дорлларын боломжийг монголчууд бүгд хамтдаа алдсан. Түүнээс гадна хэдийгээр богино хугацаанд уул уурхай нэн тэргүүний хөрөнгө оруулалт, төсвийн бүрдүүлэлтийг хангах салбар мөн хэдий ч энэ бол шавхагдах нөөц. Бидэнд орж ирж байгаа хөрөнгийг аль болох шавхагдахгүй нөөц болох хөдөө аж ахуй, хүнс, аж үйлдвэрийн чиглэлийн рүү аажмаар шилжүүлж чадвал ажлын байраа хангах, урт хугацааны тогтвортой өсөлтийг бүрдүүлж чадна. Өнөөдөр манай улсад уул уурхайн салбар улсын төсвийн дөрөвний нэгийг бүрдүүлж байгаа ч нийт ажлын байрны тав хүрэхгүй хувийг бүрдүүлдэг. Тиймээс бид бусад салбаруудаа орхиж болохгүй. Үүний тулд уул уурхайн компаниудыг тэр чиглэлд ч хөрөнгө оруулахад уриалахад буруудахгүй. Групп компаниуд уул уурхайгаас гадна хүнсний үйлдвэрүүд рүү орох хэрэгтэй. Бидний дэргэд БНХАУ гэх аварга том зах зээл байсаар байна. Тийшээ бүтээгдэхүүнээ нийлүүлэх том боломж байсаар байгаа гэж боддог. Их хэмжээгээр үйлдвэрлэх чиглэлд монголчууд бид магадгүй япон, америк, солонгосчуудтай нийлээд ирээдүйд хятадын том зах зээл рүү гарах шаардлагатай байна.