Skip to main content
Шинэ сэргэлтийн бодлогоор ДНБ-ийг богино хугацаанд гурав дахин тэлнэ.

ЭДИЙН ЗАСГИЙН ФОРУМ 2022: Л.Оюун-Эрдэнэ: Шинэ сэргэлтийн бодлогоор ДНБ-ийг богино хугацаанд гурав дахин тэлнэ.

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төр засаг, хувийн хэвшил, иргэний нийгэм, эрдэмтэн судлаачдын төлөөллийг оролцуулсан Монгол Улсын хөгжлийг хурдасгах зорилго бүхий “Монголын эдийн засгийн чуулган-2022” өнөөдөр эхэллээ. 

Хоёр өдөр үргэлжлэх уг чуулганаар “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх хүрээнд зохион байгуулна. "Шинэ сэргэлтийн бодлого" нь төр-хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын идэвхтэй түншлэлд тулгуурлан Монгол Улсын эдийн засгийн харaат бус, бие даасан байдлыг бэхжүүлэх, цар тахлын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлийг цаг алдалгүй шийдвэрлэж, "Алсын хараа-2050" урт хугацааны хөгжлийн бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн дунд хугацааны зорилтот хөтөлбөр юм.

Чуулганыг нээж Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлэхдээ, цар тахлын улмаас хоёр жилийн хугацаанд зохион байгуулаагүй Монголын эдийн засгийн чуулган эргэн ирж буйг тодотгов. Тэрбээр, Монгол Улс цар тахлын шар түвшинд шилжиж, гадаадын жуулчдад нээлттэй улс болсноо зарлаж, алхам алхмаар эдийн засгаа нээн энгийн амьдралд шилжиж байгаагаа мэдэгдэж байснаа эргэн сануулав. Харамсалтай нь, түүнээс 10 хоногийн дараа буюу хоёрдугаар сарын 24-нөөс ОХУ, Украины хооронд хурцадмал байдал үүссэн. Энэ нь Дэлхийн банк, ОУВС-гаас дэлхийн эдийн засаг 4.3 хувиар өснө гэсэн тооцооллыг 3.5 хувь болгох тооцоо гарсныг тэмдэглэв.

Энэ үйл явдлын улмаас сүүлийн 10 гаруй хоногт дэлхийн нийт хүн амын хэрэглээний 41-50 хувийг эзэлдэг улаанбуудайн үнэ 45-50 хувь нэмэгдэж, газрын тосны бүтээгдэхүүний үнэ 50 хувиас өссөн. НҮБ-ын тооцоогоор, дэлхийд хүнсний хомсдол үүсэж, энэ байдал даамжирвал 8-13 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэж болзошгүй байна. Цар тахлын болон хямралт нөхцөл байдлаас үүдэж Монгол Улсын инфляц 14.3 хувьд хүрсэн. Инфляцын 50 хувийг эзэлдэг мах, гурил, газрын тосны бүтээгдэхүүний үнэд Засгийн газраас бодлогын арга хэмжээ авах шаардлагатай гэж үзсэнийг Ерөнхий сайд тодотгов. 

Монгол Улсын Засгийн газар Эрүүл мэндээ хамгаалж эдийн засгаа сэргээх 10 их наядын хөтөлбөрийг хэрэгжүүлснээр, 64 мянган бизнес эрхлэгчид 4.73 их наядын зээл олгосон нь эдийн засаг сэргэх боломж бүрдүүлсэн.

Түүнчлэн ахмадын тэтгэврийг нэмсэн зэрэг арга хэмжээ нь Засгийн газарт хүнд ачаа болж ирснийг тодотгов. Гэхдээ Монгол Улс цар тахлыг хохирол багатай давсан улс орнуудын жагсаалтад байгааг онцлоод, цаашид эдийн засгаа сэргээх Шинэ сэргэлтийн бодлогоо танилцуулав. 

"Алсын хараа-2050" урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд 2030 он хүртэл хөгжлийг хязгаарлагч зургаан хүчин зүйлийг шийдвэрлэхээр судлаачид тодорхойлжээ. Тодруулбал, боомт, эрчим хүч, аж үйлдвэр, хот, хөдөөгийн сэргэлт, ногоон хөгжил, төрийн бүтээмжийнг сэргэлт гэсэн зургаан хүчин зүйлийн хязгаарлагч хүчин зүйлийг шийдвэрлэнэ.

  • Боомтын гацаа: Монгол Улсын экспортын 90 хувь нь гурван гарцаар гарч байна. Импортын хамаарал нь хоёр боомт бөгөөд ДНБ-нд эзлэх тээвэр, ложистикийн зардал 26 хувь байна. 
  • Эрчим хүчний дутагдал: Дотоодын үйлдвэрлэл 80 хувь, импорт 20 хувь байгаа бөгөөд төвлөрсөн дулаан хангамжийн ачаалал 118 хувьд хүрсэн. Импортод жил бүр 140 сая ам.доллар зарцуулдаг. 
  • Хот хөдөөгийн тэнцвэргүй хөгжил: Нийслэлд хөдөлгөөнд оролцож буй автомашины дундаж хурд оргил ачааллын үед 8.9 км/ц. Улаанбаатарт жил бүр 40 мянга гаруй хүн шилжин суурьшиж байна. 
  • Аж үйлдвэрийн дутагдал: Нэмүү өртөг шингээгүй түүхий эдийн экспорт их. Экспортод гарч буй боловсруулаагүй бүтээгдэхүүн 90 хувийг эзэлдэг. Жил бүр 15 сая ширхэг боловсруулаагүй арьс, шир хаягдаж байна. 
  • Байгалийн нөөцийн доройтол: Говийн бүсийн үйлдвэрүүдийн усны хэрэгцээний өсөлт гурав дахин нэмэгдэх төлөвтэй байна. Монгол Улсын хөрсний 76.9 хувь нь цөлжиж доройтсон. 
  • Үр ашиггүй төрийн бүтээмж: Төрөөс олгодог зөвшөөрөл 1000 гаруй, Төрийн өмчит компани, орон нутгийн төсөвт үйлдвэрийн газрын тоо 459 байгаа бөгөөд авлигын индекс өндөр байгаа юм.