Төвийн дүрэм
Засгийн газрын 2022 оны 55 дугаар тогтоолын хавсралт
1.1.Энэ дүрмийн зорилго нь "Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төв" улсын төсөвт үйлдвэрийн газар (цаашид "Төв" гэх)-ын чиг үүрэг, үйл ажиллагааны чиглэл, удирдлагын эрх хэмжээ, төвийн үйл ажиллагааны болон санхүү, хөрөнгийн хяналтыг хэрэгжүүлэх журам, тэдгээртэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
1.2.Төв нь үйл ажиллагаандаа Монгол Улсын Засгийн газрын тухай хууль, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэх хөтөлбөр, төлөвлөгөө, холбогдох бусад хууль тогтоомж болон энэ дүрмийг баримтлан ажиллана.
1.3.Төв нь Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын харьяанд улсын төсөвт үйлдвэрийн газрын зохион байгуулалтаар ажиллана. Төвийн оноосон бүтэн нэр нь "Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төв" улсын төсөвт үйлдвэрийн газар, товчилсон нэр нь "ШСБХТ-УТҮГ" байна.
1.4.Төв нь улсын төсвөөс санхүүжих бөгөөд чиг үүргээ батлагдсан төсөв, орон тооны хязгаарт багтаан хэрэгжүүлнэ.
1.5.Төв нь холбогдох журмын дагуу үйлдсэн тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас болон албаны цахим хаяг, хуудсыг хэрэглэнэ. Тэмдгийг төвийн гүйцэтгэх захирлаас итгэмжлэн хариуцуулсан этгээд түшиж, ашиглалт, хадгалалт, хамгаалалтыг хариуцна.
2.1.Төв нь Шинэ сэргэлтийн бодлого, хөтөлбөр, төлөвлөгөөний хэрэгжилтийг зохион байгуулж, оролцогч байгууллага, салбарын үйл ажиллагааны уялдааг хангах, тэдгээрт мэргэжлийн дэмжлэг, туслалцаа үзүүлэх үндсэн чиг үүрэгтэй байна.
2.2.Төв нь үндсэн чиг үүргийн хүрээнд дараахь чиглэлийн үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
2.2.1.Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэх чиглэлээр төрийн болон холбогдох бусад байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан зохион байгуулж, мэргэжлийн дэмжлэг, туслалцаа үзүүлэх;
2.2.2.Шинэ сэргэлтийн бодлого, хөтөлбөр, төлөвлөгөөг хэрэгжүүлэх байгууллага, салбар хоорондын болон гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх ажлыг зохион байгуулж, олон улсын сайн туршлагыг нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
2.2.3.Шинэ сэргэлтийн бодлого, хөтөлбөрийн хөгжлийн төслүүдэд судалгаа, дүн шинжилгээ хийх, оролцогч төрийн болон холбогдох бусад байгууллагуудын тайлан, мэдээг нэгтгэх, мэдээллийн сан бүрдүүлэх, мэдээлэх;
2.2.4.Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд батлагдах хууль тогтоомжийн төсөл боловсруулахад оролцох, бодлого, төлөвлөлтийн нийцэл, уялдааг хангах чиглэлээр санал хүргүүлэх, хэлэлцүүлэг зохион байгуулах ажлыг хариуцан хэрэгжүүлэх;
2.2.5.Шинэ сэргэлтийн бодлого, хөтөлбөр, төлөвлөгөөний хэрэгжилтийн үр дүнд үндэслэн цаашид төлөвлөлтийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүү, хөрөнгө, тоног төхөөрөмжийн болон хүний нөөцийн талаар санал гаргаж холбогдох байгууллагад уламжлах;
2.2.6.бусад.
3.1.Төвийн өдөр тутмын үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомж, энэ дүрэмд заасан эрх хэмжээний хүрээнд гүйцэтгэх захирал удирдан зохион байгуулна.
3.2.Төвийн гүйцэтгэх захирлыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга томилж, чөлөөлнө.
3.3.Төвийн гүйцэтгэх захирал нь Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан нийтлэг шаардлага болон Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.
3.4.Төвийн гүйцэтгэх захирал нь дараахь эрх, үүргийг хэрэгжүүлнэ:
3.4.1.төвийн чиг үүрэг болон Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэхтэй холбоотой хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, биелэлтийг хангуулах;
3.4.2.батлагдсан төсөв, хөрөнгийг зориулалт, холбогдох хууль тогтоомжийн дагуу захиран зарцуулах, тайлагнах;
3.4.3.төвийн үйл ажиллагааны ажлын үр дүнг тооцох, тайлагнах;
3.4.4.батлагдсан бүтэц, орон тоондоо багтаан ажилтныг томилох, чөлөөлөх, хөдөлмөрийн гэрээ байгуулах, урамшуулал олгох, хариуцлага тооцох;
3.4.5.ажилтны ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн дотоод журам болон төвийн албаны нууцад хамаарах мэдээллийн жагсаалтыг зохих журмын дагуу баталж мөрдүүлэх;
3.4.6.үндсэн үүргийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хүний нөөцийг бүрдүүлэх, чадавхжуулах болон техникийн болон эрүүл ахуй, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны байдлыг хангах, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэхэд чиглэсэн дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх;
3.4.7.анхан шатны бүртгэл хөтлөлт, санхүүгийн тайлан тэнцэл гаргах ажлыг зохион байгуулж, тэдгээрийн үнэн зөвийг биечлэн хариуцах;
3.4.8.өөрийн эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, үйлдвэрийн газрыг гадаад, дотоодод итгэмжлэлгүйгээр төлөөлөх, итгэмжлэл олгох;
3.4.9.өөрийн эрх хэмжээнд хамаарах асуудлаар тушаал гаргах, байгууллагын хүрээнд мөрдөх дүрэм, журам, заавар баталж, биелэлтийг зохион байгуулах, үр дүнг тооцон ажиллах;
3.4.10.ажил үүргээ гүйцэтгэх явцад мэдсэн төрийн болон албаны нууцыг хамгаалах, ажиллах хугацаанд, ажлаас халагдсан, чөлөөлөгдсөний дараа ил болгох хүртэл хугацаанд задруулахгүй байх;
3.4.11.хууль тогтоомжид заасан бусад.
3.5.Төвийн гүйцэтгэх захирал нь Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргад ажлаа улирал тутамд тайлагнана.
3.6.Гүйцэтгэх захирал нь албан үүргээ гүйцэтгэхдээ Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, энэ дүрмийг мөрдөж ажиллана.
3.7.Гүйцэтгэх захирал нь хууль тогтоомж, дүрмийг зөрчсөн, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй нь түүнд хариуцлага тооцох үндэслэл болно.
3.8.Гүйцэтгэх захирал нь үндсэн ажлаас гадуур хариуцсан ажилд харшлах, ашиг сонирхлын зөрчил үүсгэх болон хуулиар зөвшөөрснөөс бусад ажил, үүргийг давхар эрхлэхийг хориглоно.
4.1.Төв нь улсын төсвөөс олгосон хөрөнгийг Төсвийн тухай хуульд заасны дагуу зарцуулж, орлого, зарлагын мэдээ, мөнгөн болон мөнгөн бус хөрөнгийн гүйцэтгэлийн тайланг улирал, жил тутам гаргаж, аудитаар баталгаажуулан төсвийн ерөнхийлөн захирагч, Үндэсний аудитын газарт тайлагнана.
4.2.Нягтлан бодох бүртгэлийн хууль тогтоомж, олон улсын нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу улирал, жилийн санхүүгийн тайлан гаргана. Санхүүгийн тайланд дараахь зүйлийг тусгана:
4.2.1.баланс;
4.2.2.орлого, үр дүнгийн тайлан;
4.2.3.мөнгөн гүйлгээний тайлан;
4.2.4.өмчийн өөрчлөлтийн тайлан;
4.2.5.тухайн тайлангийн хугацаанд хийсэн их хэмжээний болон сонирхлын зөрчил бүхий хэлцлийн жагсаалт, нэр, төрөл, үнийн дүн;
4.2.6.бусдаас авах авлага, тэдгээрийн үүссэн шалтгаан, барагдуулалтын явц;
4.2.7.нэмэлт санхүүжилтийн тайлан;
4.2.8.санхүүгийн тайлангийн тодруулга;
4.2.9.бусад.
4.3.Төв нь өөрийн эзэмшлийн эд хөрөнгийг зохих журмын дагуу бүртгэж, хадгалалт, хамгаалалтыг гүйцэтгэх бөгөөд эд хөрөнгийн дотоодын тооллогыг хуульд заасан хугацаанд явуулж, жилийн тайлан, тэнцэлд тусгана.
4.4.Санхүүгийн тайлангийн үнэн зөвийг гүйцэтгэх захирал, ерөнхий нягтлан бодогч хариуцна.
4.5.Төвийн үйл ажиллагаанд зориулж шинээр худалдан авах болон акталж устгах, худалдах, шилжүүлэх үндсэн хөрөнгийн асуудлыг төсвийн ерөнхийлөн захирагчийн зөвшөөрлийн дагуу төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад тавьж шийдвэрлүүлнэ.
4.6.Төсвийн тухай хуульд заасны дагуу өөрийн чиг үүрэг, зорилтыг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалт, урсгал зардлын төлөвлөгөөг тусгасан жилийн төсвийн төслийг Төсвийн тухай хуульд заасан хугацаанд боловсруулж, төсвийн ерөнхийлөн захирагчид хүргүүлнэ.
4.7.Шилэн дансны тухай хуулийг хэрэгжүүлж, холбогдох мэдээллийн ил тод байдлыг хангаж ажиллана.
5.1.Төв нь Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль, түүнийг дагаж гарсан нийтлэг журмыг мөрдөн ажиллаж, дараахь баримт бичгийг зохих журмын дагуу хадгална:
5.1.1.төвийн дүрэм, түүнд орсон нэмэлт, өөрчлөлт, төвийг байгуулах эрх бүхий байгууллагын шийдвэр, улсын бүртгэлийн гэрчилгээ, эрх, лиценз, тусгай зөвшөөрөл, сертификат;
5.1.2.санхүүгийн болон үйл ажиллагааны тайлан, түүнд хийсэн аудитын болон хэрэгжилтийн үнэлгээний дүгнэлт, зөвлөмж;
5.1.3.анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийн баримт, нягтлан бодох бүртгэлд тусгасан эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхийг нотлох бичиг баримт;
5.1.4.гүйцэтгэх захирлын гаргасан тушаал, үйлдвэрлэл, технологи, үйл ажиллагаатай холбогдсон дүрэм, журам, заавар, стандарт, холбогдох бусад баримт бичиг;
5.1.5.төвийн үйл ажиллагааны төлөвлөгөө, түүний биелэлтийн талаарх тайлан мэдээ, бусад байгууллага, албан тушаалтантай харилцсан албан баримт;
5.1.6.төвийн чиг үүргийн дагуу боловсруулсан бодлого, хөтөлбөр, төлөвлөгөө, судалгаа, дүн шинжилгээтэй холбоотой баримт бичиг болон энэ дүрмийн 2.2.3-т заасан мэдээллийн санд төвлөрүүлсэн мэдээлэл, холбогдох бусад баримт бичиг;
5.1.7.цахим баримт бичиг, мэдээлэл;
5.1.8.шаардлагатай бусад баримт бичиг.
5.2.Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль болон Байгууллагын архивын нийтлэг журамд нийцүүлэн хадгалах баримт бичгийн жагсаалт, хадгалах хугацааг тогтоосон "Хөтлөх хэргийн нэрийн жагсаалт"-ыг гүйцэтгэх захирал баталж, мөрдүүлнэ.
6.1.Энэ дүрэмд зааснаас бусад төвийн үйл ажиллагаатай холбоотой харилцааг холбогдох хууль тогтоомжоор зохицуулна.
6.2.Төвийг татан буулгах, өөрчлөн байгуулах асуудлыг холбогдох хуульд заасны дагуу Засгийн газар шийдвэрлэнэ.
6.3.Энэ дүрэм нь улсын бүртгэлд бүртгэгдсэн өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.
6.4.Засгийн газрын шийдвэрээр дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулж болох бөгөөд нэмэлт, өөрчлөлт нь улсын бүртгэлд бүртгэгдсэн өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.