Skip to main content
Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төв АНУ-ын Худалдааны яамтай хамтран “Арилжааны эрх зүйн хөгжлийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байна.

“Төсөл сонгон шалгаруулах зарчим” сэдэвт сургалт зохион байгууллаа

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлогод тусгагдсан төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлэх, төрийн байгууллагын хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх зорилгоор Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төв АНУ-ын Худалдааны яамтай хамтран “Арилжааны эрх зүйн хөгжлийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байна. 

Сургалтын дундуур

Хөтөлбөрийн хүрээнд “Төсөл сонгон шалгаруулах зарчим’ сэдэвт сургалтыг 2022 оны есдүгээр 13-14-ний өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулж, яам, агентлаг, байгууллагын нийт 30 гаруй төлөөлөгчийг хамрууллаа. 

Сургалтаар Монгол Улсын төр хувийн хэвшлийн түншлэлийн хууль эрх зүйн орчин, төсөл сонгон шалгаруулах зарчим, стратегийн онолын талаар мэдээлэл өгч, олон улсын туршлага, хэрэгжилтийн талаар харилцан ярилцав. 

Дээрх хөтөлбөрийн хүрээнд нийт дөрвөн төрлийн сургалт явуулах бөгөөд тогтвортой дэд бүтцийг бий болгох, тэдгээрийн санхүүжилтийн бодлогыг ил тод байлгах, эдгээр бодлогыг хэрэгжүүлэх шийдвэр гаргагчдыг чадавхжуулах зорилготой юм. 

Тус хөтөлбөр нь АНУ-ын Худалдааны яамны Ерөнхий зөвлөлийн албаны санаачилгаар анх 1992 онд батлагдсан бөгөөд хөгжиж буй орнуудын бизнесийн эрх зүй, бодлого, зохицуулалтын орчныг боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэхээс гадна техникийн туслалцаа, эрх зүйн болон бодлогын зөвлөх үйлчилгээ, институтийг чадваржуулах, арилжааны эрсдэлийн үнэлгээ хийх зэрэг олон талт ажлуудыг тухайн орны хөгжлийн зорилтуудад нийцүүлэн явуулдгаараа онцлогтой юм.