Skip to main content
surgalt

АНУ-ын Худалдааны яамтай хамтран дэд бүтцийн төлөвлөлтийн стратегийн чиглэлээр сургалт зохион байгуулав

Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төв АНУ-ын Худалдааны яамтай хамтран “Арилжааны эрх зүйн хөгжлийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байна. Тус хөтөлбөрийн хүрээнд яам, агентлаг, байгууллагын нийт 40 гаруй төлөөлөгчдөд Дэд бүтцийн төлөвлөлтийн стратеги (Infrastructure Planning Strategy)-н чиглэлээр сургалт явуулж байна.

Сургалтаар аливаа төслийг тодорхойлох, үнэлэх, сонгох, зардлын үр ашгийн шинжилгээний тойм, дэд бүтцийн төслүүдийн гүйцэтгэлийн арга хэмжээ, Монгол Улсын Засгийн газрын хоорондын зохицуулалтын механизмын талаар оролцогчдод мэдээлэл хүргэх юм.

Энэ үеэр Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төв УТҮГ-ын гүйцэтгэх захирал Б.Дөлгөөнөөс сургалтын зорилго, үр дүнгийн талаар тодрууллаа. 

Тэрбээр, “Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хэд хэдэн хөгжлийн төслүүдийг хэрэгжүүлэхээр тусгасан. Тэдгээр хөгжлийн төслүүдийг задалж авч үзвэл 90 гаруй төсөл бий.

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хийх олон ажлууд шинэ сэргэлтийн бодлогод тусгагдсан. Үүнээс улбаалаад төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хийх төслүүдээ хэрхэн сонгох, энэ нь эцэстээ бидний хүсч буй үр дүнг өгөх үү зэрэг чухал асуултууд гарч ирнэ. Энэ хүрээнд Засгийн газрын яам, агентлаг болон зарим төрийн өмчит компаниудын төлөөллөөс энэхүү сургалтад хамруулж байна. 

Энэ сургалтанд сууснаар илүү үр дүнгээ өгөх зөв төслийг сонгоход ахиц гарах болов уу гэж харж байна. Бид төлөвлөлт, сонголтоо илүү үр дүнд суурилсан, асуудлаа шийдсэн төслүүдийг сонгох тусам энэ нь эргээд олон жилийн хугацаанд үр дүнгээ өгнө. Өгөөж багатай төслүүдийг илүү арагшаа эрэмблэх замаар чухал төслүүдээ урагшлуулж, нэн тэргүүнд хэрэгжүүлэх боломжууд үүснэ. Хоёрдугаарт, яг аль төслүүд вэ гэдэг дээр цөөхөн нөөц боломжийг илүү фокуслаж зарцуулах замаар хэрэгжилтийн явцыг хурдасгах боломж гарна” гэлээ.