Skip to main content
process

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГАД ПРОЦЕССИЙН ДАХИН ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН СУДАЛГААГ АРХАНГАЙ, СЭЛЭНГЭ, ХЭНТИЙ АЙМГУУДАД ХИЙЖ ГҮЙЦЭТГЭЛЭЭ.

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар, Шинэ сэргэлтийн бодлогын Хурдасгуур төвөөс "Процессын дахин инженерчлэл" сэдэвт уулзалт хэлэлцүүлгийг Сэлэнгэ, Хэнтий, Архангай аймгуудад зохион байгуулж  уг уулзалтад давхардсан тоогоор 1000 гаруй төрийн алба хаагчид хамрагдав. 

Тодруулбал, “Алсын хараа- 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Шинэ сэргэлтийн бодлого, төрийн байгууллагын үйл ажиллагааны шинэтгэлийн хүрээнд процессын дахин инженерчлэлийг Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар, Шинэ сэргэлтийн бодлогын Хурдасгуур төв хамтран хэрэгжүүлж байгаа билээ.

Төрийн байгууллагын процессын дахин инженерчлэл нь байгууллагын оновчтой, үр ашигтай засаглалыг бэхжүүлэх зорилгоор байгууллагын чадамж, бүтээмж, процессын хөгжүүлэлт, төрийн үйлчилгээний чанар, иргэд болон төрийн албан хаагчдын сэтгэл ханамжийг сайжруулахад чиглэсэн үйл ажиллагаа юм.

Процессын дахин инженерчлэлийн хүрээнд тандалт судалгааны баг, чиг үүргийн шинжилгээний баг, ажлын байрны зураг авалтын баг, эрсдэлийн баг, мэдээлэл, технологийн баг зэрэг үндсэн 5 баг 40 гаруй  хүний бүрэлдэхүүнтэй ажиллалаа. 

Уулзалт хэлэлцүүлгийн үеэр ЗГХЭГ-ын дэд дарга бөгөөд Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Б.Баасандорж "Процессын дахин инженерчлэл хийх талаар баримталж буй Засгийн газрын бодлого" сэдвээр, Шинэ сэргэлтийн бодлогын Хурдасгуур төвийн захирал Б.Дөлгөөн "Төрийн чадамжийг бүрдүүлэх нь" сэдвээр, Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын Тандалт судалгааны багийн ахлагч Б.Анар "Төрийн байгууллагад Процессын дахин инженерчлэл хийх нь" сэдэвт илтгэлийг тус тус танилцуулж байлаа. 

 


Энэхүү судалгааны ажиллагааны үр дүн 9 сарын эхэнд эцэслэн гарах бөгөөд 2024 оны 1 сараас эхлэн 21 аймаг Нийслэлийн бүх дүүргүүдэд хэрэгжүүлж эхлэх юм.